Русский   English

Мы в СМИ

News.mn (Монголия): Буриадын Арктикийн тал хээр нутаг

22 июня 2016

2016 оны зургадугаар сарын 14-нд хөрш  Буриад гэнэт Арктикийн бүс нутаг болчихов. Түнхэний уулсын оргилууд цасан цагаан мөсөн уул болж, Хорийн болон Бичүүрийн тал хөндий мөсөн дуулга хэдэрч, алс холын Еравнад цагаан баавгайн залуухан бүл ирж, харин Улаан-Үд хотын оршин суугчид туйлын бүс нутгийнхны адил өндөр цалин авах болов.

Энэ нь мэдээж тоглоом.  Харин үнэндээ 2016 оны зургадугаар саргын 14-нөөс 17-нд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэлд олон улсын томоохон үйл явдал-Арктикийн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн 12 дугаар бага хурал болсон юм. ОХУ-ын Холбооны Зөвлөл болон Төрийн Дум бага хурлыг санаачлан хийлгэж, бүгд найрамдах Буриад улсын засгийн газар дэмжлэг үзүүлсэн билээ. Улаан-Үд хотод уг арга хэмжээг зохион явуулахад Оросын “Метрополь”, “Запсибгазпром” компани болон Байгаль нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сан их  туслалцаа дэмжлэг үзүүлжээ. Бага хурлын үйл ажиллагаанд Европын парламентын гишүүд, Баруун хойд нутгийн зөвлөл, Умардын зөвлөлийн төлөөлөгчид,  Орос, Дани, Исланд, Канад, Норвег, Финланд, Шведийн үндэсний парламентын депутатууд, түүнчлэн  ажиглагч орон Их Британи, Сингапур, Японы төлөөлөгчид оролцов.

Одоо Арктикийн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн бага хурал нь  парламент хоорондын байгууллага бөгөөд Арктикийн бүсийн орнуудын (Канад, Дани, Финланд, Исланд, Норвег, Орос, Швед, АНУ) парламент болон Европын парламентаас томилсон төлөөлөгчид бүрэлдэхүүнд нь багтдаг. Умардын уугуул ястнуудын төлөөлөгчид байнгын оролцогчийн статустай юм. Тэднийг төлөөлдөг байгууллага нь Алеутийн олон улсын холбоо, Арктикийн атабасуудын зөвлөл, гвич ястны олон улсын зөвлөл, Туйлын инуитийн бага хурал, Саамичуудын зөвлөл, Оросын Умардын уугуул ястнуудын холбоо байдаг. Хоёр жилд нэг удаа хуралддаг тус бага хурал нь Умардын цөөн тоотой ястнуудын асуудал, түүнчлэн бүс нутгийн эдийн засаг, экологийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Арктикийн бүс нутгийн орнуудын засгийн газартай хамтран ажиллахад тус дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Өнгөц харахад, мөнх цэвдэг нутгийн нэг адил эдгээр уйтгартай мэт албан ёсны томъёоллын цаад талд гарамгай нээлт, хүмүүсийн сонин содон, эмгэнэлт хувь заяаны түүх, хүнд хэцүү сорилт, өөрийн гэсэн тооцоогоор дүүрэн бүхэл бүтэн орон, ард түмнүүдийн ашиг сонирхлын мөргөлдөөн,  их ялалт болон зайлбаргүй ялагдал нуугдаж байдаг билээ.

Дэлхийн гадаргуугийн зургааны нэгтэй тэнцэх нутаг дэвсгэр бүхий (27 сая орчим хавтгай дөрвөлжин километр) Арктик нь уур амьсгалын хувьд догшин ширүүн нөхцөлтэй ч, хүний анхаарлыг эртнээс татаж ирсэн юм.  Эрдэмтдийн баталдгаар,  хүй нэгдлийн үеийн хүмүүс энэ нутгийг 10 мянган жилийн тэртээ эзэмших болжээ.  Тэр үед Алс Дорнодын Умард нутагт эксимосчуудын дээд үеийн омгийнхон аж төрж байсныг археологийн эрдэмтэд тогтоосон байдаг. Тийнхүү энэ омгийн анчин, загасчид Арктикийн бүс нутгийн анхны уугуул оршин суугч болжээ. Цаашид  хүн Арктикийн бүсийг эзэмших явдал Гренландын болон Канадын Арктикийн олтригийн  умард нутагт үргэлжилжээ.  Умард нутгийг эзэмших европчуудын анхны давалгаа 15 дугаар зуунаас эхлэж,  умард нутгийг Норвег, Финланд, Исланд, Швед болон Дани улс эзэмших болсон. Орос улс ч умардын болон дорнын бүс нутгийг эзэмшсэнээр өөрийн нутаг дэвсгэрийг бас тэлж эхэлж байна.

“Дэлхийн орой” болох Умард туйл аялагч, шинжээчдийн сонирхлыг байнга татаж ирсэн бөгөөд тэд хэмжээлшгүй саад бэрхшээл, өвчин, гачигдал зовлонг туулан,  умард руу улам улмаар гүн нэвтэрч, Арктикийн хүйтэн сэрүүн арал, олтригуудыг нээж, ингэснээр олон арав, олон зуун хүний амь насыг зольсон юм. Энэ нь  дэлхийн янз бүрийн ард түмний төлөөлөгчид америкийн Жон Франклин, Роберт Пири, Голландын Вильям Баренц, Норвегийн Фритьоф Нансен, Рауль Амундсен, Италийн Умберто Нобиле, Оросын Федор Литке, Семен Челюскин, ах дүү Лаптев зэрэг олон хүн байсан бөгөөд тэдний нэр арал, уул, мөсөн гол, тэнгисийн нэрэнд мөнхрөн үлдсэн билээ.

Арктикаар улсын 16 мянган километр хил нь дайран өнгөрдөг байсан Зөвлөлт Орос Туйлын Умард нутгийг судлахыг их ач холбогдолтойд үзэж байжээ. 1921 оны гуравдугаар сарын 10-нд В.И.Ленин тэнгисийн эрдэм шинжилгээний хөвөгч хүрээлэн байгуулах тухай хуульд гарын үсэг зурсан байна. Бусад тэнгис, гол мөрний адаг, арлууд бүхий Хойд мөсөн далай болон түүнтэй залгаа орших ЗСБНХОУ-ын эрэг орчим нь энэ хүрээлэнгнийн үйл ажиллагааны нутаг болжээ.

1930-1940-өөд оны Арктик дахь Зөвлөлтийн судалгааны үе нь түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Тэр үед “Седов”, “Красин”, “Сибиряков”, “Литке” мөс зүсэгч хөлөг онгоцоор баатарлаг аялал хийж, Умардын тэнгисийн нэг замыг гаргаж, Умард туйлаар дамжин нислэг үйлдэж, ингэснээр Умард туйлыг амжилттай судлах цоо шинэ боломж бүрдүүлж өгсөн билээ. Дайны дараа Туйлын бүсийн чанадад Зөвлөлтийн явуулсан судалгааны үеэр “Умард туйл” гэдэг хосгүй хөвөгч станцууд ажиллаж байсан юм. 1991 оны Оросын .эдийн засгийн хүнд байдал Арктикийн мөснөөс хийж байсан хагас зуу гаруй жилийн цуврал ажиглалт тасалдахад хүргэжээ. 2001 онд “Северный полюс” туршилтын шинэ хөвөгч станц нээгдсэн байна.

Өнөөдөр дэлхийд Арктикийг сонирхох явдал ихсэж байгаа нь ажиглагдаж байна. Олон улсын чөлөөт орон зай болох Арктик нь гойд анхаарах объект байгаагүй юм.  Гэвч Арктикийн мөсөн дор асар их нөөц бүхий ашигт малтмалууд байгаа тухай мэдээ гарснаар байдал эрс өөрчлөгджээ. Одоо Америкийн геологийн албаны тооцоолсноор, дэлхийн байгалийн хийн нээгдээгүй нөөцийг 30 хүртэл хувь, нефтийн нөөцийн 13%  нь тэнд агуулагдаж байж болох ажээ.

Умардын тэнгисийн зам нь бас их анхаарал татаж байгаа бөгөөд энэ нь давуу талтай нь тодорхой. Туйлын энэ зам Европоос Алс Дорнод руу, цаашид Ази тивд хүрэх тэнгисийн бусад замаас бараг 2 дахин богино юм. Энэ замаар Санкт-Петербургээс Владивосток хүртэл 14280 км,  Санкт-Петербургээс Суэцийн сувгаар дамжин Владивосток хүрэхэд 23200 км, харин Сайн Итгэлтийн хушуугаар тойрвол 29400 км юм. 2015 оны тавдугаар сард Нидерландын эдийн засгийн бодлогын судалгааны товчоо илтгэл нийтлүүлж, дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөсөн бүрхүүл байхгүй болж байгаа нь Умардын тэнгисийн замаар Европын баруун хойд орнууд болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын худалдаанд хүчтэй түлхэц өгнө гэдгийг дурджээ. Үүний зэрэгцээ энэ нь Египетийн эдийн засагт цохилт болж, энэ улс Суэцийн сувгийн ашиглалтаас олдог орлогынхоо нэлээд хэсгийг алдах юм. Бүр 2030 он гэхэд Арктик мөсөн голуудаас бүрэн ангижирна гэж АНУ-ын Үндэсний академийн эрдэмтэн, мэргэжилтнүүд таамаглаж байна.

Арктик бол үндэсний хуваарилалт болон харъяаллыг бас тогтоох учиртай манай гарагийн цөөхөн газрын нэг байгаа нь нэмэлт  бэрхшээл бөгөөд  юу гэвэл, Туйлын бүсийн чанадын нөөцийг улс орнуудын хооронд угаас хувааж байгаагүй юм.  Арктикийн хууль зүйн хувьд, нарийн тодорхой тогтоосон хил хязгаар байхгүй байгаа нь байдлыг хүндрүүлж байна. Арктик нь Туйлын бүсээр хязгаарлагддаг бөгөөд энэ нь 66 дугаар өргөрөг гэсэн санаа бодол байдаг. Арктикийн хил умардын тэнгисүүдийн өмнөд эргээр буюу мөнх цэвдэг хайлж буй бүсээр дайран өнгөрдөг гэсэн бодол ч бий. Үүний зэрэгцээ, Арктикийг зааглах “секторалын зарчим” гэгч болон тэнгисийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хооронд зөрчил байгаа юм. “Секторалын зарчмын” дагуу, хэрвээ мөсөн доогуурхи эх газрын үргэлжлэл бүсийн хил хязгаарын гадна гарвал,  улс орнууд  200 бээрийн бүс, дээр нь бас 150 бээрийг эзэмших эрхтэй ажээ. Хоёр дахь тохиолдолд чухамхүү эх газрын үргэлжлэлийг  тодорхой улсад харъяалагддаг тэнгисийн ёроолын нэг хэсэг үзэж үзэж байгаа юм. Ингэхдээ энэ хоёр зарчмын алиныг нь ч холбогдох бүх улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

Одоо Арктикийн бүсэд наад зах нь таван улс, тодруулвал Орос, Норвег, Дани, Канад, АНУ Арктикт санаархаж, түүнийг таван зурваст хуваагаад байгаа билээ.  Энэ бүх орон Умардын мөсөн далайн эрэгт гарцтай. Үндэсний санаархлыг ирээдүйд янз бүрийн үндэслэлээр баталж болох бөгөөд гэхдээ эдгээрээс гол үндэслэл нь практик үндэслэл, өөрөөр хэлвэл  Умардыг идэвхитэй эзэмших тухайн орны бодитой бэлэн байдал мөн гэдэг нь ойлгомжтой. Олон улсын протоколжуулсан тохиролцооны дагуу, “энхтайвны нутаг дэвсгэр” болох Антарктидыг бодвол, Арктик бол өнөөдөр нутаг дэвсгэр нь Умард мөсөн далайн эргийг эмждэг орнуудын хооронд эхэлж буй, хэтдээ  магадгүй хурц мэдэх санал зөрөлдөөний талбар мөнөөс мөн.

Арктикийг илүүтэй сонирхож байсан анхны орон нь Канад бөгөөд Арктикийн эргийн уртаар Оросын дараа хоёр дахь орны хувьд Канад бүр 1909 онд  тивийн хил болон Умардын туйлын хоорондох бүх газрыг өөрийн өмч гэж зарлажээ. Өнөөдрийн байдлаар Канад улс Арктикийн усан доорхи эх газрын үргэлжлэлийг хуваах асуудлаар олон улсын маргаанд  өөрийн ашиг сонирхлыг байнга  хамгаалахдаа  үүнийг энэ орны төрийн бодлогын  гол зүйл болгож байна. Энэ бүс нутгийг иж бүрэн хөгжүүлэхээр Канадын эрх баригчид санаархаж байгааг харуулсан энэ бодлогын гол үндэслэлүүд нь  2009 онд “Канадын умардын стратеги” гэсэн баримт бичигт нийтлэгдсэн юм. Хэрвээ алмазын орд, нефть, байгалийн хий төдийгүй, бас уран, зэс, цайрын ордуудыг багтааж байгаа Канадын Арктикийн асар их нөөцийг анхааралдаа авбал, ингэж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа  нь  бүрнээ зүйн хэрэг юм.

Гэхдээ Канадын үйл ажиллагаа нь Арктикийн эдийн засгийг хөгжүүлэхэд төдийгүй, бас хуурай зам, агаарын болон тэнгисийн орон зайг хянахын тулд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд чиглэж байна.  2010 онд АНУ-аас 65 F-35 сөнөөгч нисэх онгоцыг нийтдээ 16 тэрбум ам. доллараар худалдан авсан нь энэ асуудлаар Канадын засгийн газрын явуулж байгаа чухал үйл  ажиллагааны нэг болсон билээ. Үүнээс гадна, 2008 оноос Канад улс ганцаараа болон бусад орны оролцоотойгоор Арктикт цэргийн сургуулилт тогтмол хийж байгаа юм.

Арктикийн асуудлаар Канадын гол холбоотон нь АНУ байсан, байсаар ч байгаа билээ. НОРАД (NORAD-North American Aerospace Defense Command ) буюу Умард Америк тивийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн нэгдсэн командлалыг 1957 онд байгуулснаар бататгасан хоёр орны эдийн засаг, улс төрийн эртний холбоо үүнд тус дэм болж байгаа бөгөөд энэ командлалын хүчээр одоо тухайлбал  Канадын Арктикийн нутаг дэвсгэрийг ч хянаж байгаа юм. АНУ-ын тухайд гэвэл, мэдээжээр бүс нутгийн нефтийн нөөц нь Арктикийн талаар өөрийн үндэсний бодлого боловсруулах үндсэн түлхэц болж байгаа билээ.  Үүний зэрэгцээ, Арктикт Вашингтоны засаг захиргааны ашиг сонирхол нь цэрэг-стратегийн хувьд ч учир холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн хугацаа дуусахаас хэдхэн өдрийн өмнө 2008 онд Жорж Буш үндэсний аюулгүй байдлын тухай удирдамжид гарын үсэг зурсан бөгөөд “АНУ Арктикийн бүс нутагт үндэсний өргөн бөгөөд суурь ашиг сонирхолтой, тиймээс ганцаараа, эсвэл  бусад оронтой хамтран ажилласнаар энэ ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байна. Уг ашиг сонирхол нь  пуужингийн довтолгооноос хамгаалах, урьдчилан сэргийлэх, стратегийн хувьд тогтоон барих систем,  аюулгүй байдлыг хангах тэнгисийн үйл ажиллагааны зэрэг хүрээг багтааж байгаа юм” гэж  уг удирдамжид дурджээ.

Мөн Дани улс Умард туйлын эргэн тойрны нутаг нь Гренландийн эх газрын үргэлжлэлд хамаардаг гэдгийг үндэс болгохдоо, өөрийн хилд Умард туйлыг оруулах эрхтэй гэдгээ мэдэгдсэн хуулийн баримт бичгүүдийг 2014 онд НҮБ-ын Олон улсын шүүх болон олон улсын бусад байгууллагад танилцуулсан юм.

2009 онд Норвег улс Арктикийн орон зайд санаархаж байдгийг нь НҮБ ёсоор болгосон анхны орон билээ. Бүхэлдээ, шинжээчдийн мэдээгээр, Туйлын хүрээнээс хойшоогоо Норвегийн эх газрын үргэлжлэлээс 2014 онд 7,46 сая шоо метр байгалийн хий олборложээ.  Энэ нь уг бүс нутгийн жилийн хамгийн их үзүүлэлт юм.

Зөвхөн дипломатын аргаар хязгаарлалгүйгээр, Швед, Норвег, Финланд, Дани, Исланд улс “Умардын батлан хамгаалах хамтын ажиллагааны” (Nordic Defence Cooperation-NORDEFCO) улс хоорондын бүлгийг 2009 оны арваннэгдүгээр сард   байгуулж, ингэхдээ хамтарсан сургуулилт хийж, цэрэг-техникийн харилцаагаа өргөжүүлж, тагнуулын мэдээ солилцохоор заасан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Их Британи Шотландын умард нутагт Joint Warrior гэсэн нэртэй уламжлалт сургуулилт хийж, үүнд НАТО-гийн бусад орон, түүний дотор Канад, Дани, Финланд, Норвег улс оролцжээ. Энэ нь иймэрхүү цэргийн сургуулилтын бүхий л түүхэн дэх хамгийн өргөн цараатай сургуулилт болсон байна.  2015 оны тавдугаар сарын сүүлчээр Норвег, Данийн нутагт Арктикт бас нэг томхон сургуулилт болж, үүнд америкийн нисэх хүчин ч оролцжээ.

Эцэст нь, Орос улсыг дурдвал зохино. “Арктикийг эзэмших үүднээс давын өмнө хоёр томхон асуудал бий, энэ нь Умардын тэнгисийн зам. Хоёр дахь нь эх газрын үргэлжлэл дэх ордууд, эдгээрийг эзэмшиж, эрчим хүчний томоохон гүрний хувиар Оросын байр суурийг бэхжүүлэх явдалд юм” гэж Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин 2015 оны дөрөвдүгээр сард Шпицбергенд ирмэгцээ мэдэгдсэн юм.

Өөрийн бодол төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Орос улс Ломоносовын нуруу болон Умард мөсөн далайн ёроолын бусад хэсгийг нэгтгэх замаар  Арктикт өөрийн эх газрын үргэлжлэлийн хилийг тэлэх мэдүүлгийг 2015 оны наймдугаар сард НҮБ-д албан ёсоор өгсөн юм. Тэнгисийн ёроолын эдгээр хэсэг нь эх газрын зах хаяа нутгийн жам ёсны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд чухамхүү энэ үндэслэлийн дагуу тэнгисийн эрхийн тухай конвенци нь улсуудын эдийн засгийн бүсийг тэлэх боломжийг олгож байгаа юм гэж Оросын мэдүүлэгт дурджээ. Умард мөсөн далайд 1,2 сая хавтгай дөрвөлжин километрийн эдийн засгийн онцгой бүсийг нэгтгэхээр мэдүүлэгт тэмдэглэсэн бөгөөд энэ нь Орост ногдох нефтийн нөөцийг 5 тэрбум гаруй тонн болзолт түлшээр нэмэгдүүлэх боломж олгоно гэж Оросын Байгалийн нөөц экологийн сайд Сергей Донской тэмдэглэсэн юм. Орос улс бүр 2001 онд мөн ийм мэдүүлэг өгсөн ч,  нотлох баримт  хангалттай биш байна гэж мэдэгдсэнээр буцаажээ. Ломоносовын усан доорхи нуруунд бас Канад улс санаархдаг байна. Одоо Оросын засгийн газар Арктикийг  стратегийн үүднээс хамгийн нэн чухал бүс нутаг гэж үзэж байгаа юм. Зөвлөлт Холбоот Улсыг тарж бутарсны дараа  Оросын зарим нутаг дэвсгэрийн зааг эдийн засгийн хувьд зарим байдлаар өөрчлөгдсөн билээ. Алс Дорнод Ази-Номхон далайн, Сибирь, Урал Дундад Азийн бүс нутагт,  Ижил мөрний хавь болон Өмнөд нутаг нь Ойрхи Дорнодын, Баруун хойд нутаг нь Умард Европын, Төв нутаг нь Төвийн болон зүүн Европын бүс нутагт “багтах болсон юм”.  Хөрш болон гадаадын бусад оронтой тогтоосон эдийн засгийн харилцаа нь Оросын дотоодын бүс нутгуудынхаас илүү нягт болжээ.  Арктикийг эзэмших нь  улс орны эдийн засгийн  бүтцийг зангидаж, өөрийн бүс нутгуудын эдийн засгийн чадавхийг нэгтгэж, тэнцвэржүүлэх боломж олгоно. Оросын ашиг сонирхол нь  хүдрийн болон нефть-байгалийн хийн ордуудыг эзэмших, тэнгисийн, төмөр замын, автозамын болон алсын холбооны дэд бүтцийг хөгжүүлэх,  ой модны аж үйлдвэрийн цогцолборыг  шинэчлэх, шинэ хөлөг онгоцууд үйлдвэрлэн, хөлөг онгоц засварын бааз байгуулахад чиглэж байгаа юм. Оросын Арктикийн нутаг дэвсгэр нь 20 хувийг эзлэдэг бөгөөд ойрын жилүүдэд энд 140 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ олон арван тэрбум ам. доллар болж байна. Ийм нөхцөлд цаашдаа Умард нутгийг эдийн засгийн талаар эзэмшихийн тулд давын өмнө тээврийн баазыг яаралтай байгуулах тухай асуудал тавигдаж байна.

Украины мөргөлдөөнөөс болоод Орос, Өрнөдийн хоорондын түгшүүртэй байдал ихсэж байгаа нөхцөлд Оросын тал Арктикт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаа юм. Ингэх нь  Умардын тэнгисийн замаар хөлөг онгоцыг аюулгүй зорчуулах явдлыг хангахад зайлшгүй хэрэгтэй гэж Кремль үзэж байна. Сүүлийн жилүүдэд Орос улс Арктикийн өргөрөгүүдэд хэд хэдэн удаа цэргийн сургуулилт хийжээ. Сүүлчийн гэнэтийн сургуулилтыг 2015 оны гуравдугаар сарын дундуур хийсэн юм. Оросын Арктикийн усанд Умардын флот байрладаг бөгөөд түүний бүрэлдэхүүнд  баллистик пуужин бүхий атомын шумбагч хөлөг онгоцууд байдаг.  Франц-Иосифын газар олтригийн Александрын аралд Оросын цэргийн “Арктикийн хошингор” цогцолборыг барьж дуусч байгаа бөгөөд уг цогцолбор өнөөдрийн байдлаар  умард өргөргийн 80 дугаар градуст барьж байгаа  их барилгын цорын ганц объект юм.  Түүний талбай нь 14 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр бөгөөд энд 150 хүнтэй цэргийн анги бүтэн хагас жилийн турш бие даан оршиж чадна. Гэхдээ  хурц ширүүн өрсөлдөж, нутаг дэвсгэрийн болон хууль зүйн зөрчилтэй асуудлууд гарч,  цэргийн хүчийг нэмэгдүүлж байгаа хэдий ч, олон улсын хэмжээнд энх тайвнаар хамтран ажиллахгүйгээр Арктикийн бүс нутгийг эзэмшихэд туйлын хэцүү гэдгийг Арктикийн орнуудын эрүүл саруул бодолтой улс төрчид маш сайн ойлгож байгаа юм. Энэ нь маш  хүнд хүчир, үнэ өртөг ихтэй ажил.  Арктикийн бүс нутгийн бусад түншээс Оросыг тусгаарлахгүй байхыг нийтээр хүсч буйг  өндөр түвшинд тогтмол хийж байгаа уулзалт, олон улсын чуулга уулзалт болон бага хурал тов тодорхой харуулж байна. Тухайлбал,  Норвегийн  Тромсё хотод бүр 10 жил хийж байгаа “Арктикийн хил хязгаар”(Arctic Frontiers)гэдэг олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал дээр Норвегийн гадаад хэргийн сайд Берге Бренде 2015 оны нэгдүгээр сарын 19-нд үг хэлэхдээ, Орос улс бол Арктикийн зөвлөлийн чухал түнш бөгөөд цаашид ч ийм байх ёстой гэжонцлон тэмдэглэсэн юм.  Украины байдалтай холбогдон Европын холбооны авсан хориг арга хэмжээ Норвег, Оросын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай асуултад ГХЯ-ны тэргүүн хариулахдаа, энэ нь  Арктикийн хамтын ажиллагаанд “сөрөг утгаар нэг их нөлөөлөхгүй” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Оросын нэрт туйл судлаач А.Чилингаров нэг хэлсэн үгэндээ Арктик бол манай гарагийн онцгой газар. Умард мөсөн далай угтаа хамгийн жижигхэн далай, энэ далай томоохон улсууд болох Орос, АНУ, Канад, Скандинавын орнууд болон Европын холбоог заагладаг ч, бас нэгтгэж байна. Дэлхийн хоёр системийн  туйлын ширүүн сөрөг төвлөрлийн талбар байсан Арктик  одоо сайн хөршийн харилцаа, харилцан дэмжлэгийн жишээ болж байна гэсэн юм.

Харин Арктикийн бүс нутгийн орнуудтай Орос хамтран ажилласаар байгааг гэрчилсэн олон улсын арга хэмжээний тоонд Улаан-Үд хотод болсон бага хурлыг ч зоригтой багтааж болно. Өрнөдийн орнуудын парламентын гишүүд Оросын гүйцэтгэж буй үүргийг бодитой үнэлж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд бэлэн байгаагийн сацуу,  Арктикт Оростой хамтран ажиллахыг сонирхож байгааг бага хурлын уур амьсгал, нээлттэй санал шүүмжлэл харууллаа. Умардын зөвлөлийн дэд ерөнхийлөгч М.Денкер хэлэхдээ, дэлхийн улс төрийн байдал ээдрээтэй байгаа хэдий ч,  давын өмнө Оростой Арктикт олон улсын энх тайванч хамтын ажиллагааг хэвээр хадгалж, өргөжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм. Умардын уугуул ястнуудын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, Арктик дахь хүний амьдралын нөхцөл,  техникийн шинэ шинэ боломж, бүс нутгийн тогтвортой хөгжил дэх тоон технологи  нь бага хурлын гол сэдэв болов. Умардын тэнгисийн замын сэдвийг хэлэлцэж, Орос улс болон түүний хөршүүдийн аль аль нь ингэхийг сонирхож байна. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудал, экологийн асуудалд багагүй анхаарал хандууллаа. Бага хуралд оролцогчдын үзэж байгаагаар, Арктикийн эмзэг, хэврэг  экологи  нь  байгаль ашиглах шилдэг стандарт, нэн шинэ технологи хэрэглэхийг шаардаж байна. Байгаль нуурын экологийн асуудал ч парламентын гишүүдийн анхаарлын гадна байгаагүй юм.  Энэ сайхан нуурын ус хураагдах бүсэд үйлдвэрийн цогцолбор юм уу Сэлэнгэ мөрөн болон Монгол дахь түүний  цутггалангууд дээр УЦС барих гээд нуурын экологид нөлөөлж болох удирдлагын шийдвэр боловсруулж, батлахад мэргэжлийн үүднээс илүү бодлоготой хандахыг холбогдогч бүх талд хүсч байгаагаа илэрхийлэв. Бүгд найрамдах Буриад улс  Арктикийг хөгжүүлэх асуудлаас өөрийн ашиг сонирхлыг бас олж харж байна. Юуны өмнө, энэ нь Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрт Арктикийн зориулалттай нисдэг тэргүүд үйлдвэрлэхэд хамаатай юм. Төлөөлөгчдөд нисдэг тэргийг тодорхой танилцуулсан бөгөөд бага хурлын дараа уг завод  олон улсын шинэ шинэ захиалга авна хэмээн найдаж байна. Арванхоёрдугаар сард Төрийн Думд хэлэлцүүлэхээр оруулах Арктикийн тухай Оросын шинэ хуульд Буриадын хойд нутгуудыг Арктикийн  нутаг дэвсгэртэй адилтган үзэхийг санал болгосон бөгөөд Буриадаас сонгогдсон Төрийн Думийн депутат, Москвагийн улсын их сургуулийн профессор М.В.Слипенчукийн санаачлага сонирхол татаж байлаа. Ийм алхам нь “эдийн засгийн хувьд зөв зүйтэй” байх болно гэж тэр үзэж байна. Юу гэвэл, ганцхан Еравнины районы нутаг дэвсгэрийнх нь 70%  мөнх цэвдэгийн голомтод байдаг юм.  Буриадын хойд нутгуудыг Арктикийн бүсэд оруулах нь нэмэлт хөрөнгө өгч, цөөн тоотой уугуул ястнуудын хувьд шинэ ирээдүйг авчирна гэж М.В.Слипенчук тэмдэглэжээ. Арктикийн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн бага хурлыг анх удаа Уралын нурууны зүүн талд хийж, Арктикийн орнуудын парламентын гишүүд анх удаа Байгаль нуурын эрэгт уулзлаа. Тэр бүр төлөөлөгчид Улаан-Үд хотод шууд хүрэлцэн ирэх боломжгүй байсан бөгөөд Туйлаар дамжин үйлддэг нислэг одоогоор байхгүй юм. Тиймээс Канадын парламентын гишүүд  өөр нисэх онгоцонд сэлгэн сууж, харин Европын парламентын төлөөлөгчид Оросыг бараг тэр чигт нь галт тэргээр дөрвөн хоног туулж ирсэн ч,  аялалдаа сэтгэл дүүрэн байлаа.  Бага хурлын үйл ажиллагаа дууссаны дараа умардын орнуудын парламентын гишүүд Байгаль нуурт улирлын үйл ажиллагааг нээх гэж яараагүй юм. Харин түрүүнд нь төлөөлөгчид Иволгийн дацан, бүгд найрамдах Буриад улсын үндэсний музейгээр орж, Буриадын соёлын уламжлал, язгуур урлагийн хамт олонтой танилцсан юм. Арктикийн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн бага хурлын төгсгөлд тогтоол гаргаж, Арктикийг тогтвортой хөгжүүлж,  түүний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын үйл ажиллагаагаа идэвхижүүлж,  эрдэм шинжилгээний хамтарсан ажил хийхийн  чухлыг онцлон тэмдэглэж,   Арктикт уур амьсгал өөрчлөгдөж байгаа үр дагавартай холбогдуулан Арктикийн асуудлыг олон улсын зохих хурал, зөвлөлгөөн дээр тавихыг Арктикийн бүс нутаг, Арктикийн зөвлөлийн орнуудын парламент, засгийн газрууд болон Европын холбооны зохих байгууллагуудад хандан хүссэн юм.  Үүнээс гадна,  бага хуралд оролцогчид 4 сая гаруй хүн аж төрж байгаа Арктикийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сахин хангах зорилгоор олон улсын идэвхитэй хамтын ажиллагааг дэмжихийг уриаллаа.

Сэтгүүлч Борхондойн ИНДРА

Улаан-Үд-Улаанбаатар

https://www.news.mn/r/306590